МЭНДЧИЛГЭЭ

2017-10-30 09:10

 

 

 

 

 

 

 

                   Эх орны гал голомт, зүрх болсон нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 378 жилийн ойн баярыг тохиолдуулан нийслэлийн Налайх дүүргийн ард иргэддээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Монгол Улсын нийслэл нь Өндөр гэгээн Занабазарыг 1639 онд өргөмжилсөн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг Эх Монгол уулын өвөр Ширээ Цагаан нуур гэдэг газарт Хутагтын хүрээ, Шар бүсийн хот нэрээр анх байгуулагдаж, Богдхан уулын ар, хатан Туулын хөвөөнөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хөндийд 1778 онд төвхнөн, Их Хүрээ хэмээн нэрлэгдэж байгаад 1924 оноос Улаанбаатар болж нүүдлээс суурьшилд шилжсэн түүхтэй.
Богдхан уулын ар, хатан Туулын хөвөөнөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хөндий гэгдэх энэ газарт суурьшин төвхнөж Их Хүрээ хэмээн нэрлэгдэж байгаад 1924 онд Улаанбаатар хот болжээ. Тэр цагаас хойш нийслэл хот маань өргөжин тэлж, өнгөжин жавхаажиж, үүлс дээшээ дээвэр тулсан, уулс тийшээ хаяа тулсан улсын нийслэл болж хөгжсөн билээ.
Үе үеийн Налайхчууд Монгол улсын аж үйлдвэрийн тулгын чулууг тавилцан, Нийслэлээ илч дулаанаар 100 гаруй жил хангаж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавъяатууд, төрийн шагналтнуудыг төрүүлсэн хөдөлмөрчдийн өлгий билээ.
Залуу хойч үедээ үүх түүхээ таниулж, өвлөн үлдээх нь бидний эрхэм үүрэг билээ.
Нийслэлийн иргэн бид хүрээ соёл, хүүхэд залуусын боловсрол, хүмүүжлээрээ үлгэрлэж, нийслэл хот, Налайх дүүрэгтээ амар тайван, зөв боловсон аж төрөх, нийтлэг ёс зүй, дэг жаягийг эрхэмлэн дээдлэж, хотын иргэн хэмээх нэр алдраараа бахархан ирээдүйдээ итгэлтэй, инээмсэглэл дүүрэн, эрүүл орчинд сэтгэл хангалуун амьдрах учиртай.
Налайх дүүрэг маань нийслэлдээ аж үйлдвэржилт, хөдөлмөр бүтээлийн үйлсээрээ манлайлан, эх орныхоо зүрх болсон нийслэлийн наран ургах зүгт хөгжлийн үүд болон өдрөөс өдөрт цэцэглэн хөгжинө гэдэгт итгэл дүүрэн байна.
Нийслэлийн Налайх дүүргийн иргэд та бүхэндээ нийслэл хотын 378 жилийн ойн өдрийг тохиолдуулан эрүүл энх, аз жаргал, эв нэгдэл, амжилт бүтээл хүсэхийн ялдамд тусгаар Монгол Улсын минь туг сүлд хийморь нь өөдөө, гал голомт нь ариун дагшин байж үеийн үед мандан бадрахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

ЗАСАГ ДАРГА Ч.РАДНААБАЗАР




Санал асуулга

Налайх дүүрэг дэх Худалдан авах ажиллагаа хэр шударга явагдаж байна гэж та бодож байна вэ?

Хамтрагч байгууллагууд